“МОНГОЛЫН ТӨР, ЭРХ ЗҮЙН ТҮҮХИЙН СУДАЛГААНЫ
ТӨВ”-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Монгол улсын Үндсэн хуульд “Төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөх” гэсэн нь монголын төр, хууль цаазын түүхийн өв санг шинэ хандлагаар судалж, дахин үнэлж, судалгааны эргэлтэд оруулж, нийтийн хүртээл болгож, улмаар уламжлал, шинэчлэлийн нэгдлийг хангаж хөгжүүлэхийг заасан төрийн бодлого нь “Төр, эрх зүйн түүхийн судалгааны төв” (Цаашид “Судалгааны төв” гэх) байгуулах үндэслэл болохын зэрэгцээ дэлхийн улс орнуудад (Хятад, ОХУ, Япон, Тайван, ХБНГУ, Австрийн холбооны улс г.м) үндэснийхээ хууль цаазын түүх судлалын дагнасан сургалт, эрдэм шинжилгээний байгууллага ажиллаж байна.
Судалгааны төв нь төр, эрх зүйн түүхийн судалгаа болон хууль цаазын сурвалж судлалаар эрдэм шинжилгээний ажил хийдэг судлаач эрдэмтэд, багш нарын хүчийг төвлөрүүлэн энэ чиглэлээрхи судалгаа, сургалтын ажлын арга барил, агуулга, чанарыг сайжруулах, нэн ялангуяа хууль зүйн шинжлэх ухааны онол, түүхийн судалгааг арга зүйн удирдлагаар хангах, судалгааны төвшинг дээшлүүлэх зорилготой юм. Мөн Монгол улсын эрх зүйн тогтолцоо, хууль, хууль тогтоомж, практикийг боловсронгуй болгох санал, зөвлөмж боловсруулан хэрэгжүүлэх талаар төр, засгийн холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулан ажиллана.
МОНГОЛЫН ТӨР, ЭРХ ЗҮЙН ТҮҮХИЙН СУДАЛГААНЫ
ТӨВИЙН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Монгол улсын Үндсэн хуульд “төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөх” хэмээн заасныг удирдлага болгон монголын төр, хууль цаазын түүхийн өв санг шинэ хандлагаар судалж, дахин үнэлж, судалгааны эргэлтэд оруулж, нийтийн хүртээл болгож, улмаар уламжлал, шинэчлэлийн нэгдлийг хангаж хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх нь “Монголын төр, эрх зүйн түүхийн судалгааны төв” (Цаашид “Судалгааны төв” гэх) –ийн үндсэн зорилт мөн.
1.2 Судалгааны төвийн үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
1.3 Судалгааны төв нь МУИС-ын ХЗС-ийн үндсэн нэгж байж, МУИС-ийн ХЗС-ийн захиралд шууд харъяалагдана.
1.4 Судалгааны төвийн үндсэн зорилго нь Монголчуудын төр, хууль цаазын сурвалжуудыг дагнан судалж уламжлал, сэтгэлгээг хэрхэн тусгасныг тодруулж, монголын хууль цаазын уламжлалт үнэт зүйлс, түүний хадгалагдах бодит үндсийг тодорхойлоход чиглэгдэнэ.
Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах нийтлэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулна.
1.4.1 Монголын төр, хууль цаазыг эх бичиг, сурвалж судлалын үүднээс
дагнан судалж, нийтийн хүртээл болгоно.
1.4.2 Монголчуудын сэтгэлгээний уг сурвалжийг дорно дахины болон
монголчуудын нүүдлийн соёл, иргэншлийг нөхцөлдүүлсэн байгал, газар
зүй, нийгэм, оюун соёлын хүчин зүйлтэй нягт холбон судалж
тодорхойлох, улмаар монголчуудын эрх зүйн сэтгэлгээнд үзүүлсэн
эерэг болон сөрөг талыг тодруулна.
1.4.3 Монголын уламжлалт хууль цаазуудыг харьцуулан судалж, нийтлэг
болон ялгаатай талуудыг судалж тогтооно.
1.4.4 Монгол гаралтай улс орнууд, үндэснүүдэд хадгалагдан үлдсэн монголын хууль цаазын эртний сурвалж бичгийг олж тогтоох, судлах, эмхтгэх, энэ чиглэлээр мэргэшсэн гадаадын судлаач, эрдэмтэд, эрдэм шинжилгээ сургалтын байгууллагатай хамтран ажиллана.
1.4.5 Монголын уламжлалт хууль цаазыг эх бичиг, эрх зүйн судалгааг цогц
байдлаар хийж судалгааны эргэлтэд оруулна.
1.4.6 Мэргэжлийн тэнхмүүдэд энэ чиглэлийн судалгаагаар дэмжлэг үзүүлэх
зэрэг болно.
Хоёр. Судалгааны төвийн бүтэц, үйл ажиллагаа
2.1 Судалгааны төв нь дараах судалгаа багтай байж болно. Үүнд:
2.1.1 Төр, эрх зүйн ерөнхий түүхийн баг
2.1.2 Салбар эрх зүйн түүхийн баг
2.1.3 Сурвалж судлалын баг
2.2 Судалгааны төв нь эрхлэгч, орон тооны болон орон тооны бус ажилтан
(Цаашид “Ажилтан” гэх), туслахтай байна.
2.2.1 Судалгааны төвийн эрхлэгчийг ХЗС-ийн захирлын санал болсноор
МУИС-ийн захирлын тушаалаар томилж, чөлөөлнө.
2.2.2 Судалгааны төвийн эрхлэгч нь ХЗС-ийн захирлын өмнө ажлаа
хариуцан тайлагнана.
2.2.3 Эрхлэгч нь төвийн үйл ажиллагааг өдөр тутмын мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана.
2.2.4 Эрхлэгч нь төвийн судалгааны чиглэл, улирал, жилийн ажлын
төлөвлөгөөг ХЗС-ын захирлаар батлуулан, гүйцэтгэлийг хангах,
хяналт тавих ажлыг зохион байгуулна.
2.2.5 Судалгааны төв өөрийн үйл ажиллагаанаас олсон хөрөнгийн эх
үүсвэрийг ХЗС-ийн захиралтай зөвшилцөн эрхлэгч захиран
зарцуулах эрхтэй байна.
2.2.6 Судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан нь боловсролын
магистр, түүнээс дээш зэрэгтэй байна.
2.2.7 Судалгааны төвийн орон тооны бус ажилтанг төсөл, хөтөлбөрийн
хүрээнд санхүүжүүлнэ.
2.2.8 Судалгааны төвийн ажилтанг төвийн эрхлэгчийн санал болгосноор
ХЗС-ийн захиргааны зөвлөлөөр хэлэлцүүлж, уг зөвлөлийн шийдвэрийг үндэслэн МУИС-ийн захирлын тушаалаар томилж, чөлөөлнө.
2.2.9 Эрхлэгч нь ХЗС-ийн захиралтай зөвшилцөн төвийг гадаад
харилцаанд төлөөлөх, гэрээ, хэлцэл байгуулах эрхтэй,
2.2.10 Төвийн эрдэм шинжилгээний ажилтан, туслах нь эрхлэгчийн шууд
удирлаганд ажиллана.
2.3 Судалгааны төв нь дараах үйл ажиллагаа явуулна.
2.3.1 Монголын төр, эрх зүйн ерөнхий түүхийн судалгааг монголын болон гадаад орнуудын хүрээнд хийх,
2.3.2 Салбар эрх зүйн түүхийн судалгааг мэргэжлийн тэнхмүүдтэй хамтран
хийх,
2.3.3 Монголын төр, хууль цаазыг эх бичиг, сурвалж судлалын үүднээс
дагнан судалж, нийтийн хүртээл болгох,
2.3.4 Монголчуудын эрх зүйн сэтгэлгээний уг сурвалжийг судалж,
монголчуудын эрх зүйн сэтгэлгээнд үзүүлсэн эерэг болон сөрөг
талыг тодруулахад чиглэгдсэн судалгаа хийх,
2.3.5 Монголын уламжлалт хууль цаазуудад харьцуулсан эрх зүйн судалгаа
хийх,
2.3.6 Монголын уламжлалт хууль цаазыг эх бичиг, эрх зүйн судалгааг цогц
байдлаар хийж судалгааны эргэлтэд оруулах,
2.3.7 Эрх зүйн тогтолцоо, хууль, хууль тогтоомж, практикийг
боловсронгуй болгох санал, зөвлөмж боловсруулан хэрэгжүүлэх
талаар төр, засгийн холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах,
эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах,
2.3.8 Ижил төстэй дотоод, гадаадын эрдэм шинжилгээний байгууллагуудтай холбоо тогтоож, хамтран төсөл, хөтөлбөр
хэрэгжүүлж ажиллах,
2.3.9 Судалгааны төв нь судалгааны сэтгүүл, цуврал бүтээлийг өөрийн үйл
ажиллагааны хүрээнд төлөвлөгөөний дагуу хэвлэн нийтэлж, нийтэд
сурталчлах,
Гурав. Бусад
3.1 Судалгааны төв нь өөрийн үйл ажиллагааны онцлогийг тусгасан лого,
албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэгтэй байна.
3.2 Судалгааны төвийн дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг ХЗС-ийн
захиргааны зөвлөлд танилцуулж, саналыг үндэслэн МУИС-ийн захирлын
тушаалаар шийдвэрлэнэ.
|