Хууль Зүйн Сургууль
Түүхэн тойм
Гадаад харилцаа
Үндсэн бүтэц
Захиргааны зөвлөл
Эрдмийн зөвлөл

С.НарангэрэлАливаа нийгэмд эрх зүйчид, хуульчид онцгой үүрэг гүйцэтгэдэг. Элдэв маргаан, зөрөлдөөн, хурц эмзэг, нарийн асуудлыг ухаалаг, тайван замаар хуульд үндэслэн шийдвэрлэх мэргэжлийн өндөр ур чадвартай хуульчидгүйгээр улс орон хэвийн хөгжих боломжгүй болохыг хүн төрөлхтний түүхэн туршлага нэгэнт батлан харуулжээ. Эрх зүйн боловсролыг хөгжүүлэх явдал нь манай орны хувьд байнгын тулгамдсан асуудлын нэг болж ирсэн одоо ч тийм хэвээр байна.

Социалист тогтолцооны үед гол төлөв ЗХУ-д дээд боловсролтой хуульчидаа бэлтгэж байсан нь нийгмийн эрэлт хэрэгцээг тэр болгон хангаж чадахгүйд хүрч байв. Ийм учраас 1950-иад оны сүүлчээр тэр үеийн төр засгийн эрх барих дээд байгууллагын шийдвэрээр МУИС-д хуулийн анги нээх тухай шийдвэр гарч улмаар 1961 онд анхныхаа элсэлтийг авч байсан түүхтэй. Ийнхүү МУИС-ийн Хууль зүйн сургууль нь манай орны дээд боловсролтой эрх зүйчдийг эх орондоо бэлтгэх анхны өлгий болсон билээ.

Энэ үеэс хойш 3000 орчим төгсөгчид тус сургуулийн дипломыг авч мэргэжлийн үүргээ нэр төртэй биелүүлж иржээ. Өнөөдөр тус сургуульд ерөнхий боловсрол төгсөгчдийн өдрийн анги, урьд нь их, дээд сургууль төгсөгчдийн өдөр, эчнээ анги, магистрантурын өдрийн болон эчнээ сургалт бий болсон.

Докторантурын сургалт нь тус сургуулийн сургалтын үйл ажиллагааны салшгүй бүрэлдэхүүн хэсэг болж хууль зүйн ухааны болон шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах эрдмийн зөвлөл, улс орны хэмжээнд зөвхөн манай сургуулийн дэргэд байгуулагдан ажиллаж байна.

Тус сургуульд манай орны хууль зүйн ухааны нэрт эрдэмтэд, судлаачид багшилж, эрх зүйн боловсрол хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.
Төрөлх сургуулийнхаа профессор, багш, нар, ажилтан, төгсөгчид, оюутан, магистрант, докторантуудын өмнөөс Танд сайн сайхны ерөөл дэвшүүлье.

Захирал
Академич С.Нарангэрэл