Хууль Зүйн Сургууль
Түүхэн тойм
Гадаад харилцаа
Үндсэн бүтэц
Захиргааны зөвлөл
Эрдмийн зөвлөл

 Хууль Зүйн Сургуулийн Эрхэм Зорилго

Хууль зүйн сургалт, эрдэм судлалын талбарт үндэсний тэргүүлэх төв байж, нийгэмд манлайлах чадвартай, эрх зүйт хууль, шударга ёсны төлөө чин сэтгэлээр ажиллах өв тэгш төлөвшил бүхий эрх зүйчдийг бэлтгэхэд оршино.


МУИС-ийн хэл, нийгмийн ухааны факультетын бүрэлдэхүүнд Төр, эрхийн тэнхимийг 1960 онд байгуулж, хоёр багш, 35 оюутантай сургалт, эрдэм шинжилгээний ажлаа анх эхэлжээ. Д.Лувсаншарав, Д.Сангиданзан, С.Аварзэд, Э.Авирмэд, Г.Совд, Л.Юндэндорж нар анхлан багшилж энэ сургуулийн тулгын чулууг тавилцсан байна. Мөн энэ үед ОХУ-ын К.Ф.Шеремет, А.Сенчик, М.И.Кукушкин, Т.Н.Молчанова, В.Комиссаров зэрэг эрдэмтэд урилгаар ирж ажиллаж, тус сургуулийн цаашдын хөгжилд чухал хувь нэмэр оруулсан юм.

1970-аад оны сүүлчээс “Төр, эрхийн тэнхим” өргөжиж, “Салбар эрх зүйн тэнхим”-ийг бие даалган байгуулж, тэнхимийн эрхлэгчээр доктор (Ph.D) Б.Чимид ажиллаж байв. Ийнхүү хоёр тэнхим хорь шахам багштайгаар хууль зүйн сургалт, судалгааг эрхэлсээр, 1990-д онтой золгосон байна.

1994 онд Монгол улсын Засгийн газрын 46 дугаар тогтоолоор МУИС-ийн бүрэлдэхүүнд Хууль Зүйн Сургуулийг байгуулсан нь тус сургуулийн хөгжилд чухал түлхэц болов.
Өдгөө тус сургууль Монгол улсын хууль зүйн дээд боловсрол, эрх зүйн шинжлэх ухааны үндэс суурийг тавьсан хамгийн том төв болж өргөжив. Энэ хугацаанд тус сургууль шинжлэх ухааны доктор 10, боловсролын доктор 20, магистр 100 гаруй , бакалавр 3400 гаруйг тус тус бэлтгэн гаргажээ.

Манай улсын шүүгч, прокурор, өмгөөлөгч, төр, захиргааны байгууллагад ажиллаж буй хуульчдын дийлэнх олонхи нь тус сургуулийг төгсөгчид юм. Монгол улсын Дээд Шүүхийн шүүгчид, Үндсэн хуулийн Цэцийн гишүүд мөн төв, орон нутгийн хууль сахиулах байгууллагын олонхийг манай сургууль төгсөгчид удирдаж байна. Бизнесийн салбарт үр бүтээлтэй ажиллаж буй олон зуун хүмүүс тус сургуульд хууль зүйн дээд боловсрол эзэмшжээ.

Тус сургуулийг төгсөгчид болон ажиллагсдаас 20 гаруй Монгол улсын гавьяат хуульчид төрөн гарсан юм.

Монгол улсад эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлэхэд тус сургуулийн эрдэмтэд, профессор багш нар, төгсөгчид тодорхой хувь нэмэр оруулж байна.

Хууль Зүйн Сургууль өдгөө 56 профессор багштай, 1300 гаруй оюутантай сургалт, эрдэм шинжилгээний ажлыг эрхлэн явуулж байна.

 Өөрчлөлт хөгжилтийн хуанли

  Сургуулийн нэр  Захирал
1961-1994 онд МУИС НУФ-ийн хуулийн салбар  
1994-1999 онд Хууль зүйн дээд сургууль И.Дашням /проф. доктор (Sc.D)/
1999 оноос Хууль зүйн сургууль С.Нарангэрэл /Академич/