Оюутан
Загвар тестүүд
Дүрэм, журмууд
Бакалаврын ажлын сэдвүүд
Магистрын ажлын сэдвүүд
Оюутны зөвлөл

МУИС-ийн улиралын шалгалтын дүрэм

Дүрмийн нэр томъёо

• Энэ дүрэмд шалгалт гэснийг "шалгалт, шүүлэг" гэж ойлговол зохино.
• Факультет гэсэнд бүрэлдэхүүний сургууль мөн хамаарагдана.
• Факультетийн декан гэсэнтэй бүрэлдэхүүний сургуулийн захирал адил байна.
• Хичээлийн кредит хичээлийн агуулгын багтаамжийг харуулах бүхэл тоо бөгөөд хэмжээ нь 7 хоногт тухайн хичээлийг судлах цаг, хэлбэрээс хамаарна.
• Оноо нь тухайн хичээлээр оюутны хийж гүйцэтгэх ёстой бие даасан ажиллагааны биелэлт, эзэмшвэл зохих мэдлэг, чадварын түвшинг 100% гэж үзэж түүнтэй харьцуулан үнэлсэн тоо.
• Дүн нь оюутны мэдлэг, чадварын түвшинг илэрхийлэх А, В, С, D, F гэсэн үнэлгээ болой.

Ерөнхий зарчим

1. МУИС-д улирлын шүүлэг, шалгалт авахад энэ дүрмийг баримтлана.
2. Сургалтын төлөвлөгөөн дэх хичээлийн хөтөлбөрийн дагуу оюутны эзэмшсэн мэдлэг, түүний чанарын түвшинг үнэлж дүгнэх гол хэлбэр нь шалгалт байх ба харин кредит өгөхгүй хичээлээр эзэмшсэн мэдлэгийг шүүлгээр дүгнэж болно.
3. Улирлын шалгалт нь тухайн хичээлээр эзэмшсэн онолын мэдлэгийн түвшин, мэдлэгээ танин мэдэхүй болон практик үйл ажиллагаанд хэрэглэх чадварыг дүгнэхэд чиглэгдэнэ.
4. Ангийн ажил (төсөл) зураг, тооцооны болон лабораторийн ажил, хичээлийн болон үйлдвэрлэлийн дадлагаар олсон мэдлэг, чадварыг үнэлэхэд төсөл, тайлан хамгаалалт, завсрын хяналт, коллоквиум, тест, реферат, тэдгээртэй дүйцэх бусад хэлбэрийг ашиглана. Ангийн ажил (төсөл), дадлагын тайлан хамгаалах журмыг тусад нь боловсруулан баталж мөрдөнө.
5. Оюутны мэдлэг чадварыг дүгнэхдээ тэдний бие даан суралцах үйл ажиллагааг хөхүүлэн дэмжиж, хөгжүүлэх, оюутны сурах, багшийн сургах хариуцлагыг өндөржүүлэх зарчмыг удирдлага болгоно.
6. Оюутны мэдлэг, чадварыг дүгнэх үйл ажиллагаа нь шинжлэх ухааны үндэстэй, бодитой, шударга, ил тод байвал зохино.
7. Ижил мэргэжлээр суралцаж байгаа өдөр, орой, эчнээ ангийн оюутны мэдлэгийг сургалтын нэгэн ижил хөтөлбөр, агуулгаар шалгаж дүгнэнэ.


Шалгалтын хугацаа

8. Шалгалтыг сургалтын төлөвлөгөөнд заасан хугацаанд авна. Тухайн улирлын хичээл дууссаны дараах 21 хоногт багтаан шалгалтыг авах ба шалгалтын хуваарийг оюутны хамт олны болон багшийн саналыг харгалзан сургалтын албаар хянуулан факультетийн декан баталж, шүүлэг, шалгалт эхлэхээс 2 долоо хоногийн өмнө багш, оюутанд мэдээлсэн байна. Шалгалт авах багш, ассистентийг тэнхимийн саналыг харгалзан деканы захирамжаар тогтооно.
9. Багшлах болон үйлдвэрлэлийн дадлагын тайланг дадлага дуссанаас хойш 1 сарын дотор, ангийн ажлыг хичээл дуусахаас 14 хоногийн өмнө хамгаалуулна.
/Энэ заалтад 2005 оны захирлын тушаалаар өөрчлөлт орсон/
10. Шалгалтыг хотын нийтийн тээврийн унаа зогсохоос өмнө дуусгасан байвал зохино. Улирлын шалгалтыг баяр ёслолын болон амралтын өдрүүдэд авахыг зөвшөөрнө.
11. Тусгай төлөвлөгөөгөөр хичээллэж байгаа буюу онцлон үзэх гарцаагүй шалтгаантай тохиолдолд оюутан шүүлэг, шалгалтыг деканы баталсан чөлөөт хуваариар урьдчилан болон нөхөн өгч болно. Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй оюутныг хүсэлтээр нь улирлын эхэнд түвшин тогтоох шалгалт авч бие даан суралцуулж болно.
/Энэ заалтад 2005 оны захирлын тушаалаар нэмэлт орсон/
12. Оюутан тухайн хичээлийн шүүлэг, шалгалтыг хуваарьт хугацаанд өгөх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай бол тэр тухайгаа деканы газартаа урьдчилан мэдэгдэж, хугацааг хойшлуулах зөвшөөрөл авч болно.
13. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас (деканы зөвшөөрөлтэйгөөр) шүүлэг, шалгалтаа хугацаандаа өгч чадаагүй оюутныг дараагийн улирлын эхний 28 хоногт багтаан шалгалтаа өгч бахрагдуулах болзолтойгоор хичээлд суухыг зөвшөөрөх ба шалгалт, шүүлгээ өгч дууссан нөхцөлд анги дэвшүүлэх тушаалыг нэгдсэн журмаар гаргана.

Шалгалт өгөх зөвшөөрөл олгох

14. Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр, технологийн дагуу сургалтанд зохих ёсоор оролцсон, хичээлийн ба үйлдвэрлэлийн дадлагыг бүрэн хийж тайлан хамгаалсан, ангийн ажил (төсөл), зураг тооцооны болон бие даан заавал гүйцэтгэх ажлуудыг бүрэн биелүүлсэн оюутныг шалгалтанд оруулах зөвшөөрлийг мэргэжлийн тэнхимийн саналыг үндэслэн декан олгоно. Эдгээр шаардлага биелээгүй буюу хүндэтгэн үзэх шалтгаантай оюутныг шалгалтанд оруулах эсэхийг факультетийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
15. Тухайн хичээлийн сургалтын төлөвлөгөөнд заасан цагийн 1/3-ээс дээш цагт хичээлдээ (үйлдвэрлэлийн дадлага мөн адил) ирээгүй бөгөөд уг хичээлийг нөхөх боломжгүй нөхцөлд шүүлэг, шалгалтанд оруулахгүй ба уг хичээл бол багш “R”, сонгон судлах хичээл “W” тэмдэглээг дүнгийн хуудсанд тавина.
16. Улирлын явцад авсан үнэлгээний оноон дээр улирлын эцэст өгөх шалгалтын дээд оноог нэмэхэд 60 оноо хүрэхгүй бол уг оюутныг шалгалтанд оруулахгүй. Энэ тохиолдолд хичээлийг дараагийн улиралд дахин судлуулах тухай “R” тэмдэглэгээг хичээл заасан багш сурлагын дэвтэрт тавина.
17. Жилийн чөлөөг дуусгаад ирсэн болон бусад шалтгаанаар сургалтын хугацааа хойшлогдон суралцаж байгаа оюутанд сургалтын төлөвлөгөөний өөрчлөлтөөс болж хичээл, хөтөлбөрийн төвшин, шалгалт шүүлгийн зөрөө гарвал ингэж суралцах болсон шалтгаан, өмнө нь тухайн улирал (анги)-д авч байсан дүнг харгалзахгүйгээр нөхөн үзэх хичээл, өгөх шалгалт, шүүлгийг деканы газраас мэргэжлийн тэнхимтэй хамтран тогтоож өгнө.
18. Тухайн улирлын сургалтын төлбөрөө төлөөгүй оюутныг хичээлд суулгахгүй ба шалгалтанд оруулахгүй.

Шалгалт авах хэлбэр

19. Шалгалт авах хэлбэр (ам, бичиг, тест г.м) онооны хуваарилалтыг багш тогтоох бөгөөд түүнийгээ оюутанд хичээлийн эхэнд мэдэгдсэн байна. Шалгалт авах хэлбэр, асуултын тоо, түүний агуулга, бүтэц, хариулт бэлтгэх хугацаа зэргийг сургах арга зүйн үүднээс нарийн бодож боловсруулсан байна. Шалгалтын үйл ажиллагаанд тэнхим, сургалтын алба хяналт тавина.
20. Шалгалтыг авахдаа хичээлийн хөтөлбөрийн агуулгын хүрээнд бэлтгэсэн асуулт болон чөлөөт асуултанд хариулуулах, асуудал шийдвэрлүүлэх зэрэг олон хэлбэрийг ашиглаж болно. Шалгалт нь тухайн хичээлийн агуулгыг бүрэн хамарч, мэдлэг, чадварыг бодитой дүгнэхэд чиглэгдсэн байна. Шалгалтын үед тухайн хичээлийн хөтөлбөрийг тавьсан байна. Шалгагч багш шалгалтын үед оюутны хариулбал зохих асуултад (билетэд) хамаарахгүй боловч хичээлийн агуулгын хүрээнд холбогдох нэмэлт асуулт тавьж, бодлого, жишээ шийдвэрлүүлж болно.
21. Шалгалт авч байх үед баримтлах дэг журам (ном, лавлах ашиглаж болох эсэх, хариултын чанартай бэлтгэсэн зүйл ашиглавал хэрхэх г.м)-ийг шалгагч багш тогтооно. Шалгалтанд хууран мэхлэх /бусдаас хуулах, өөр оюутныг өөрийн нэрээр шалгалтанд оруулах, шалгалтанд зөвшөөрөгдөөгүй ном, сурах бичиг, дэвтэр ашиглах зэрэг/ зөрчил гаргасан оюутны шалгалтын ажлыг шалгагч багш хураан авч “F” дүн тавина.
22. Улирлын явцад хичээлд байнга идэвхтэй оролцсон, тухайн хичээлийн завсрын хяналтын бүх хэлбэрүүдэд амжилттай шалгагдсан, үлгэр жишээч оюутанд уг хичээлийн шалгалтын үнэлэлтийг шууд тавихыг үгүйсгэхгүй бөгөөд уг асуудлыг багш анги хамт олонд мэдэгдэн ил тод шийднэ.

Дүгнэх

23. Багш улирлын явцад зааж буй хичээлээр оюутныг тасралтгүй, жигд үнэлэн дүгнэж, наад зах нь 2-3 удаа явцын шалгалт авсан байхыг шаардах ба явцын шалгалт, тестийн болон хичээлийн эцэст авах шалгалт, тестийн асуулт материалыг (тест хийх боломжгүй гэж үзсэн хичээлүүдэд шалгах асуудлуудыг үнэлгээний хамт) бэлдэж сургалтын албанд хадгалуулсан байна. Тестээр шалгах хугацаа, онооны үнэлгээг тогтоосон байна.
24. Тухайн хичээлээр оюутны мэдлэг чадварын улирлын үнэлэлтийг гаргахдаа оюутны хичээлийн явц дахь идэвх оролцоо, бие даасан ажиллагааны завсарын хяналтын үнэлгээ, шалгалтын дүнгийн аль алийг зохих хэмжээгээр тооцон нэгдсэн аргачлалын дагуу /хавсралт А/ 100 хүртэл бүхэл оноогоор дүгнэнэ. Багш оюутныг улирлын явцад болон шалгалтаар үнэлсэн оноо, дүн, үсгэн тэмдэглээг шалгалтын хуудсанд, оноо, үсгэн дүнг сургалтын дэвтэрт тэмдэглэнэ.
25. Улирлын шалгалтыг тэнхимийн эрхлэгч, хичээлийн эрхлэгч, деканы шийдвэрээр хичээл заасан багшаас өөр багш авах, Бакалаврын сургалтын албаны тестийн төвөөс зохион байгуулан авахыг зөвшөөрнө. Тестын төвөөс шалгалтын материалаа үзэх /магадлах/ оюутны хүсэлтийг тухайн улирлын дахин шалгалтын хугацаанд барагдуулна. Мэргэжлийн суурь хичээлийн улирлын шалгалтыг деканы тушаалаар томилогдсон хөндлөнгийн комисс авч болно.
/Энэ заалтад 2005 оны захирлын тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсон/
26. Цөөн цагаар үздэг хичээлүүдийг өөр хоорондын залгамж холбоог алдагдуулахгүйгээр цувруулан шахан (блокоор) зааж, улирлын явцад дуусган, тухай бүр шалгалтыг нь авч болно. Блокоор заагдах хичээлүүдийг улирлын эхэнд тэнхимийн эрхлэгчийн саналаар декан шийдвэрлэж, хичээлийн хуваарьт тусгана.
27. Тухайн хичээлд 60 ба түүнээс дээш оноо авсан оюутныг уг хичээлийн агуулгыг судалж, кредит цагийг биелүүлсэн гэж үзнэ. Харин 60-аас бага оноо авсан оюутныг "хангалтгүй" суралцсан буюу тухайн хичээлийн кредит цагийг биелүүлээгүй гэж үзнэ.
28. Шүүлгийг авахдаа шалгалтын нэгэн адил 100 оноогоор дүгнэж, сурлагын дэвтэрт оноог тэмдэглэнэ. Оюутны авсан оноо нь 60 ба түүнээс дээш бол "тооцов", 60-аас бага бол "үл тооцов" гэж үзэх ба шалгалтын хуудас болон сурлагын дэвтэрт үүнийг давхар тэмдэглэж болно.
29. Мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлээр хийх ангийн ажил (төсөл), үйлдвэрлэлийн дадлагад кредит цаг харгалзуулсан бол тэдгээрийн хамгаалалтыг шалгалтын нэгэн адил үзэж оноогоор дүгнэх ба оюутны мэдлэгийн голч дүн гаргахад мөн хичээлийн нэгэн адил оролцуулан тооцно.
30. Шалгалтын дүнг сургалтын албанаас гаргасан шалгагдвал зохих оюутны нэр бүхий тусгай хуудсанд (хавсралт Б) тэмдэглэж, шүүлэг, шалгалт авсан өдөрт багтаан сургалтын албанд багш өөрийн биеэр өгнө. Хүндэтгэн үзэх ямар нэг шалтгаангүйгээр шүүлэг, шалгалтад ирээгүй оюутанд “F” үнэлгээ тавих ба хүндэтгэн үзэх шалтгаанаар оюутан шалгалт, шүүлэгт орж чадаагүй бол эмчийн магадлагаа, гачигдлыг тодорхойлсон бичгийг үндэслэн шалгалт ороогүйг нотолсон “E” үнэлгээг шалгалтын дүнгийн хуудасны тэмдэглэгээний зайд шалгагч багш бичнэ. Улирлын шалгалтыг тестийн төвөөс нэгдсэн байдлаар авах тохиолдолд дүнгийн хуудсыг хичээлийн эрхлэгч гарын үсгээр баталгаажуулах ба сурлагын дэвтэрт оноо, дүнг сургалтын албанаас бичиж өгнө. Шалгалтын хуудсыг бөглөхдөө засвар хийхийг хориглоно.
31. Оюутны сурлагын чанарыг голч оноогоор тодорхойлно. Голч оноог бодохдоо хичээл бүрд оюутны авсан оноо ба хичээлийн кредитийн үржвэрийн нийлбэрийг кредитийн нийлбэрт хувааж 0.1-ийн нарийвчлалтайгаар гаргана. Улирлын голч оноог сурлагын дэвтэрт улирал бүр сургалтын албанаас тэмдэглэж деканы тэмдгээр баталгаажуулна.
32. Оноо, тоон ба үсгэн дүн нь өөр хоорондоо дараах байдлаар харьцана.

Оноо Тоон дүн Үсгэн дүн
90 < 100 4 A
80 < 90 3 B
70 < 80 2 C
60 < 70 1 D
0 < 60 0 F


33. Оюутны үнэлгээнд тоон ба үсгэн дүн тавихаас гадна “R”, “W”, “E”, “I”, “NC”, “CR” гэсэн үсгэн тэмдэглээг хэрэглэнэ. Эдгээр үсгэн тэмдэглэгээ нь оюутны голч дүнг бууруулах шалтгаануудыг харгалзан үзэх, оюутан голч дүнгээ хянах, дүнгээ ахиулах боломж олгох, гадны сургуулийн кредитийг тооцох зэрэгт хэрэглэнэ. Үсгэн тэмдэглэгээ:

“I” (in complete)
А. Хүндэтгэн үзэх шалтгаанаар явцын үнэлгээ /реферат, даалгавар, дадлагын ажил дутуу, явцын шалгалт орж чадаагүй гэх мэт/ дутуу боловч шалгалтын хугацаанд нөхөн гүйцэтгэж шалгуулах нөхцөлтэйгээр хэрэглэнэ.
Б. Кредит шууд тооцох шалгалтын дүнг оюутан зөвшөөрөөгүй тохиолдолд

“E” (examina in complete by student) хүндэтгэн үзэх шалтгаанаар улирлын шалгалтад ороогүй бол энэ тэмдэглээг багш /хичээлийн эрхлэгч/ уг дүрмийн 30-р зүйлийг баримтлан дүнгийн хуудсанд бичнэ.

“R” (repeating in course) оюутан тухайн хичээлийг дараагийн улиралд дахин судлахаар шийдсэн тухайгаа шалгалтын өмнө хэлж тавиулна. Оюутны дахин судлахаар бүртгүүлсэн хичээлийг шинээр үзэх хичээлийн адил бүртгэж тооцож болно.

“NC” (non credit) кредитийг тооцохгүй /өөр сургуулийн/ Уг хичээлийг оюутан сонссон гэсэн тэмдэглэгээ

“CR” (credit granted) өөр сургуулийн кредитийг тооцох. Хичээлийн кредитийг тооцох боловч улирлын голч дүнг бодоход оруулахгүй.

“W” (withdraw) улирлын явцад хичээлээ хаясан

34. “I”, “E” тэмдэглэгээтэй оюутан дараагийн улирлын эхний 1 сард багтаан шалгуулж дүнг авах боломжоо ашиглаагүй бол сургалтын албанаас “F” дүн тавина. Оюутан улирлын шалгалтын үнэлгээг ахиулах зорилгоор дараагийн хоёр улиралд уг хичээлд давтан суух хүсэлтээ шалгалтын хугацаанд багтаан факультетын сургалтын албанд гаргаж "R" гэдэг тэмдэглэгээг тавиулж болно.
/Энэ заалтад 2005 оны захирлын тушаалаар өөрчлөлт орсон/
35. Үсгэн тэмдэглэгээтэй дүнг улирлын болон нийт голч оноог болоход хэрэглэхгүй.
36. Оюутны голч оноог хичээлийн жил, суралцсан хугацаагаар гаргаж, анги, салбар, факультет, сургуулийн хэмжээнд байр эзлүүлэхэд ашиглах буюу оюутныг шагнал, нэрэмжит, тэтгэлэг олгохоор тодорхойлох, гадаадын сургуульд явуулах, магистрантурт үргэлжлүүлэн сургах зэрэгт гол үзүүлэлт болгоно.
37. Тодорхой зорилгоор деканы газар болон сургалтын албанаас оюутны судалж шалгуулсан хичээлээр батлах шалгалт зохион байгуулан авч болно.
38. Нэг хичээлийг нэгэн ижил нөхцөлд (нэг багшаар заалгаж, шалгуулсан) үзсэн нэг хэсэг, бүлгийн оюутны дүнгийн хуваарилалт:
"А" "4" 5-25 %
"В" "3" 15-30 %
"С" "2" 20-40 %
"D" "1" 10-30 %
"F" "0" 0-25 % байвал хэвийн гэж үзэх ба энэ хуваарилалт зөрчигдвөл багш, оюутны сургах, сурах үйл ажиллагаа зөрчилтэй, хичээлийн хөтөлбөрийг хянан үзэх шаардлагатай. Оюутны мэдлэг чадварыг үнэлэхэд бодитой шударга хандаагүй зэрэг шалтгааныг хичээлийн эрхлэгч тодруулна. Шаардлагатай гэж үзвэл батлах шалгалт авч болно.


Дахин шалгалт өгөхийг зөвшөөрөх

"Дахин шалгалт өгөхийг зөвшөөрөх" тухай 39-45 дугаар заалтууд хүчингүй болсон.

(Шалгалтыг дахин өгөх ойлголт үгүй болж, эдгээр заалтын агуулга 34, 47, 48-р заалтуудаар зохицуулагдана.)

Дүнг харилцан тооцох

46. Гадаад, дотоодын их дээд сургуулиас шилжиж ирсэн, сурч байгаад 2 хүртэл жилээр завсардсан, төгссөн хүмүүсийн урьд үзэж шалгуулсан хичээлийн кредитийг биелүүлсэн гэж тооцох тухай асуудлыг тусгай журмаар зохицуулна.

Сурлагаар тэнцэхгүй гэж үзэн хасах

47. Нэгдүгээр ангийн оюутан эхний жилийн шалгалтаар 2 улирал дараалан 3 ба түүнээс дээш эсвэл нийт 18 Бц бүхий хичээлд хангалтгүй “F” дүгнэгдвэл; 2, 3 дахь жилд тус бүр 16 Бц биелүүлээгүй оюутныг сурлагаар тэнцэхгүй гэж үзэж сургуулиас хасна.
/Энэ заалтад 2005 оны захирлын тушаалаар нэмэлт орсон/
48. Сурлагаар хасагдсан оюутныг факультетийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж тэмдэглэл хөтөлсөн байх бөгөөд оюутны санал, хүсэлт, гомдлыг факультетийн зөвлөл эцэслэн шийдвэрлэнэ.

Хавсралт А

Оюутны мэдлэгийг оноогоор дүгнэх аргачлал

Тухайн хичээлээр оюутны улирлын эцсийн дүнг гаргахдаа дараах хялбарчилсан томъёог ашиглах аргачлалыг баримтлана.

О= O1+O2+O3

Үүнд
О1 - идэвх оролцооны үнэлэлт: хичээлд оролцсон бүтээлч ирц, семинар, дадлагын хичээлд бэлтгэсэн байдал зэрэг багшийн өгсөн үнэлэлт бөгөөд 25 хүртэл оноо байна.
О2 - Оюутны бие даасан ажиллагааны завсрын хяналтын үнэлэлт: Улирлын явцад хийсэн илтгэл, реферат, тайлан, контроль, хяналтын ажил, коллегиум, сэдвийн үнлэгээний дундаж бөгөөд 25 хүртэл оноо байна.
О3 - Улирлын шалгалтын үнэлэлт бөгөөд 50 хүртэл оноо байна.

Тайлбар:
1. Дээрх томъёогоор хичээлийн ерөнхий дүнг гаргахад О1, О2, О3 үнэлгээний эзлэх хувь 25:25:50 байгааг хичээлийн төрөл онцлогоос хамааруулан багш (20-30):(20-30):(40-60) завсарт өөрчилж болно.
2. Оюутны ирц, идэвх, оролцоог бүртгэн үнэлэх боломж хязгаарлагдмал хичээлийн хувьд тэнхимийн хурлаар хэлэлцэж, О1 оноог хамгийн бага боломжит хэмжээнд тогтоож болно. Албан ёсоор хэлэлцэгдэн батлагдсан оюутны гарын авлагад хэвлэгдсэн хичээлийн тодорхойлолтод тухайн хичээлээр оюутны олж авсан мэдлэг чадварыг үнэлэх онооны хуваарилалтыг хэдэн ч хэсгээр хийсэн байж болох ба багш түүнийг баримтлана.
Идэвх, явцын үнэлэгээ, шалгалтын үнэлэлт нь багшийн арга барил, хичээлийн онцлогоос хамаарч 100, 1000 гэх мэт хичнээн ч онооны хязгаартай байж болох боловч ийм тохиолдолд нийлбэртээ 100 байхаар хувь /процент/-д шилжүүлж дээр дурдсан харьцааг хадгална. Энэ талаар факультет, тэнхим өөрийн онцлогт тохирсон нарийвчилсан заавар гаргаж болно.